Мэдээ мэдээлэл

АМЕРИКТ 100$-ТАЙ ОЧСОН Ч 170,000$-ЫН БОЛОВСРОЛ ЭЗЭМШИЖ ЧАДСАН БҮСГҮЙ

By April 3, 2019 August 4th, 2019 No Comments

• Гадаадад суралцсан туршлага
• Зорилгынхоо төлөө зоригтой тэмцэж, биелүүлж чадсан Г. Батшүр гэх энэ эмэгтэйн тухай уншигч та бүхэндээ онцлон хүргэж байна. Учир нь энэ бүсгүйн түүх та бүхэнд эрч хүч, урам зориг хайрлана гэдэгт итгэлтэй байна.
• Алс холын Америк орон гэж ярьдаг байсан тэр л үед Г.Батшүр өөрийн сэтгэлдээ Америкт сурах чин хүсэл өвөрлөж, гэр бүл, найз нөхөддөө энэ тухайгаа хэлдэг байсан ч хэн нь ч түүнийг дэмждэггүй байжээ. Арга ч үгүй биз. Америк орон тийм л хол санагддаг, мөрөөдөл мэт байсан үе шүү дээ.
• 1999 он. Тэрээр оюутан болж, Англи хэлний орчуулагчийн ангид орохыг хүссэн ч тухайн үед хуваарь сонголтонд байгаагүйн улмаас Япон хэлний ангийг сонгосон байна. Дургүйд хүчгүй гэгчээр тийм ч сэтгэл хангалуун биш байсан тул хувиараа англи хэл сурахаар шамджээ. Орой бүр гэрийнхнийгээ унтсаны дараа лааны гэрэлд өөрт байсан англи хэлний номнуудаа үзэж, шинэ үг цээжилдэг байсан байна. Ингэж суралцасны үр дүнд Toefl-ийн шалгалт өгч, хүссэн оноогоо аван Америк явах алтан боломжийг атгаж чадсан байна.
• Гадаадын нэр хүндтэй их сургуулиудад суралцахад асар өндөр төлбөртэй гэдгийг бид бүгд мэднэ. Тийм ч учраас Монголын мянга мянган залуучууд өнөөдрийг хүртэл гадагшаа сургуульд сурахаар явах юмсан гэсэн битүүхэн мөрөөдлийг дотроо тээн яваа. Г. Батшүрд ч бас тийм асуудал байсан. Toefl-ийн оноогоо авч чадсан ч “50 хувийн тэтгэлэг л өгч чадна. Үлдсэнийг нь өөрөө төлнө үү” гэсэн и-мэйлийг сургуулиас нь илгээж байжээ. Гэхдээ тэрээр зориглон сургуулийнхаа удирдлагуудад учир байдлаа хэлж, ойлгуулан 100 хувийн тэтгэлэг авч, хүссэн сургуульдаа суралцаж чадсан байна.
• Тэрээр АНУ-н шилдэг сургуулиуд болох Cornell College-д олон улсын харилцааны чиглэлээр бакалавр, Johns Hopkins Их Сургуульд олон улсын эдийн засгийн магистрийн зэргээр 100 хувь тэтгэлэгтэй амжилттай суралцсан юм.
• Бэрхшээл бүрийг тоочоод байвал хүн бүрт л бий. Гэхдээ хэн түүнийг давж чадаж байна. Түүнд амжилт ирдэг шүү дээ. Тухайн үед түүний ээж доллароор тооцвол ердөө л 60 долларын цалинтай байсан, өөрөө Монголоос Америкт очихдоо халаасандаа 100 доллартай байсан зэрэг асуудал ч бас түүнд их байсан юм шүү. Гэхдээ түүний хувьд энэ бүхэн хэдийнээ ард нь үлджээ.
• Тэрээр Washingin D.C-д World Bank-нд зөвлөгчөөр ажиллаж, 2010 онд эх орондоо Оюу Толгой компанид уригдан бүс нутгийн тогтвортой хөгжил, эдийн засгийн нөлөөллийн талаар судалгааны ахлах зөвлөгчөөр ажилласан. Одоо World Bank-нд ажиллахын зэрэгцээ, Sustainable Development Consulting судалгааны компанид захирлын алба хашидаг. Тэрээр мөрөөдлийн амьдралаараа амьдарч байгаа биш гэж үү?

Г. Батшүр одоогийн залуусдаа зориулан 3 зөвлөгөөг өгсөн юм.
• 1. Хүн өөрийн хүссэн зүйлээ хүссэн цагтаа хийх хэрэгтэй. Магадгүй хүмүүс таныг зөрүүд гэж хэлж магадгүй ч энэ нь таныг илүү их амжилтанд хүргэхэд туслах болно. Намайг манай гэр бүл, ойр дотны хүмүүс маань Америк явах мөрөөдлөө орхи, хэзээ ч биелэхгүй гэж үргэлж хэлдэг байсан. Гэхдээ би явахын төлөө тэмцсэн, явсан, сурсан. Хэрвээ би өөрийнхөө мөрөөдлийн төлөө баттай зогсоогүй байсан бол өнөөдрийн “БИ”-гээ бүтээж чадахгүй байсан.
2. Сорилтыг дав. Амьдралд тулгарах асуудал бүхнийг илүү их амжилтын өмнөх шалгуур гэж бод. Үүнийг л давчихвал цаана ч маш сайхан зүйл байгаа гэдэгт итгээрэй.
3. Бусдаас тусламж хүс. Боломжгүй зүйл гэж нэг ч үгүй. Тийм ч учраас би бакалавр, мастертаа 100 хувийн тэтгэлэгээр суралцаж чадсан юм.
• Та ч бас өөрийнхөө ирээдүйг өөрөө бүтээж чадна. Итгэл найдвараа алдалгүй, эрч хүчтэйгээр зорилгоо бүтээгээрэй!

Leave a Reply